Товч хариулт
Зээлийн оноо бол та зээлээ хэр найдвартай төлдгийг харуулах тоо; хамгийн түгээмэл FICO оноо 300–850 хооронд байдаг. Төлбөрөө цагт нь төлөх, картын лимитийнхээ бага хэсгийг ашиглах нь хамгийн их нөлөөтэй. 760-аас дээш оноотой хүн ихэвчлэн хамгийн бага хүүтэй зээл авдаг.
Тайлан ба оноо
- Зээлийн тайлан (credit report): Equifax, Experian, TransUnion гурван бюро таны зээл, карт, төлбөрийн түүх, дампуурал, шүүхийн шийдвэрийг цуглуулдаг. Тайланд оноо ордоггүй.
- Зээлийн оноо (credit score): тайлан дээр үндэслэн тооцсон тоо. FICO, VantageScore гэх мэт загварууд ижил хүчин зүйлийг арай өөрөөр жигнэдэг. Банк, картын компани тань оноог ихэвчлэн үнэгүй харуулдаг.
- Зээлдүүлэгч, байр түрээслүүлэгч, зарим ажил олгогч таны зээлийн тайланг харж болно.
- Монгол дахь зээлийн түүх АНУ-д ихэвчлэн шилждэггүй тул эхнээс нь босгох хэрэгтэй.
Оноо хэр сайн бэ (FICO)
| Оноо | Түвшин |
|---|---|
| 800–850 | Онцгой сайн (exceptional) |
| 740–799 | Маш сайн (very good) |
| 670–739 | Сайн (good) |
| 580–669 | Дунд (fair) — зарим зээлдүүлэгч зөвшөөрнө |
| 300–579 | Муу (poor) |
Оноо юунаас бүрддэг вэ (FICO)
| Хүчин зүйл | Жин |
|---|---|
| Төлбөрөө цагт нь төлсөн түүх | 35% |
| Зээлийн үлдэгдэл, лимитээ хэр их ашиглаж буй | 30% |
| Зээлийн түүхийн урт | 15% |
| Шинэ зээл | 10% |
| Зээлийн төрөл | 10% |
Оноо өсгөх 7 алхам
- Бүх төлбөрөө цагт нь төл. Хоцорсон төлбөр оноог хамгийн их бууруулдаг. Автомат төлөлт тохируулж, дансандаа хангалттай мөнгө байлга.
- Картын үлдэгдлээ лимитийн 30%-иас доош байлга. Жишээ нь, лимит $5,000 бол $1,500-аас бага; бага байх тусам сайн. Сар бүр бүтэн төлж чадах хэмжээнд л зарцуул.
- Шинэ зээлийн хүсэлтээ цөөн байлга. Хүсэлт бүр тайланд “hard inquiry” болж бичигдэж, оноог түр бууруулна. Машин, орон сууцны зээл авахаас өмнө шинэ карт нээхгүй байх нь зүйтэй.
- Хуучин картаа хаалгүй хадгал. Сайн байдалтай хуучин данс, хэрэглэхгүй байсан ч, таны зээлийн түүхийн дундаж хугацааг уртасгана.
- Зээлийн төрөл олон янз байх нь тусална — гэхдээ зөвхөн оноо өсгөхийн тулд шинэ зээл бүү ав. Карт дээр нэмээд машин, оюутны зээл зэрэг тогтмол төлбөртэй зээлийг цагт нь төлөх нь ашигтай.
- Тайлангаа тогтмол шалга. Алдаа, танихгүй данс байвал засуулна. Энэ нь хэн нэгэн таны нэрээр зээл авсныг эрт илрүүлэх арга ч мөн.
- Ойрын үед зээл авахгүй бол зээлээ царцаа (credit freeze). Гурван бюро тус бүрд үнэгүй хийнэ; таны нэрээр шинэ зээл нээхээс сэргийлнэ. Зээл авах үедээ түр нээж болно. Царцаалт оноог тань бууруулахгүй.
Зээлийн түүхгүй бол
- Secured card: барьцаа мөнгө байршуулж нээдэг карт. Сар бүрийн төлбөр тань бюрод мэдээлэгдэж, түүх үүснэ.
- Credit-builder loan: зарим банк, кредит юнион санал болгодог жижиг зээл; төлбөрөө төлж дуусахад мөнгөө авна.
- Authorized user: итгэлтэй гэр бүлийн гишүүний картад нэмэгдэх. Тэдний сайн түүх таны тайланд тусална.
- Хамтран зээлдэгч (co-signer): зээлийн түүхтэй хүн хамт гарын үсэг зурна. Хоёулаа өрийг хариуцах бөгөөд төлбөр хоцорвол хоёулангийнх нь оноо буурна.
Алдааг хэрхэн засуулах вэ
- AnnualCreditReport.com-оос гурван бюрогийн тайлангаа үнэгүй ав; долоо хоног бүр авах боломжтой.
- Алдаатай мэдээллийг тухайн бюрод бичгээр мэдэгдэж, баримтын хуулбар хавсарга.
- Мэдээлэл өгсөн компани (банк, картын компани)-д бас бичгээр мэдэгдэнэ; баталгаат шуудангаар илгээх нь зүйтэй.
- Компани ихэвчлэн 30 хоногт шалгаж хариулна. Илгээсэн бүх зүйлийнхээ хуулбарыг хадгал.
Болгоомжлох зүйл
- “Оноог тань засна” гээд урьдчилж мөнгө нэхдэг компаниас болгоомжил. Дээрх алхмуудыг та өөрөө үнэгүй хийж болно.
- Payday loan маш өндөр зардалтай; богино хугацааны асуудлыг урт асуудал болгодог.
- Зарим банк, картын компани ITIN-ээр ч зээлийн карт олгодог — өргөдөл гаргахаасаа өмнө асуугаарай.
Эх сурвалж
- myFICO — оноо юунаас бүрддэг
- Charles Schwab — How to Improve Your Credit Score in 7 Steps
- CFPB — зээлийн тайлангийн алдааг маргах
- FTC — үнэгүй зээлийн царцаалт (credit freeze)
- Долоо хоног бүрийн үнэгүй тайлан
Бэлтгэсэн: Гүүр · Шинэчилсэн: 2026.11.05. Энэ нийтлэл ерөнхий мэдээлэл бөгөөд таны нөхцөлд тохирсон зөвлөгөө биш.